/ /

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны A/121 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт

ОЛОН НИЙТИЙН ЦАГДААГИЙН ТАНИХ ТЭМДЭГ, ХӨДӨЛМӨРИЙН

АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУСГАЙ ХУВЦАС ХЭРЭГЛЭХ ЖУРАМ 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Олон нийтийн цагдаагийн таних тэмдэг, хөдөлмөрийн аюулгүй байдлын тусгай хувцас, хэрэглэлийг зориулалтын дагуу хэрэглэх, тооцоо хийх, хяналт тавих үйл ажиллагааг энэхүү журмаар зохицуулна.

1.2. Олон нийтийн цагдаа улсын хэмжээнд ижил загвар, өнгийн хувцас хэрэглэх ба хувцасны ханцуйн бэлэгдэл таних тэмдэг нь тухайн аймаг, нийслэлийн ялгагдах бэлэгдэл бүхий таних тэмдэгтэй байна.

1.3. Олон нийтийн цагдаа нь таних тэмдэг, хөдөлмөрийн аюулгүй байдлын тусгай хувцас, хэрэглэлийг хэрэглэхдээ энэ журмыг мөрдөж биедээ зөв тохируулан иж бүрэн, цэвэр үзэмжтэй, ариг гамтай эдэлж хэрэглэх үүрэгтэй.

1.4. Олон нийтийн цагдаа нь таних тэмдэг, хөдөлмөрийн аюулгүй байдлын тусгай хувцсыг зөвхөн үүрэг гүйцэтгэж байхдаа хэрэглэнэ.

1.5. Олон нийтийн цагдаа нь гэрэл ойлгогчтой хантаазыг үүрэг гүйцэтгэж байхдаа заавал хэрэглэнэ.

1.6. Олон нийтийн цагдааг өвөл, зуны улирлын хөдөлмөрийн аюулгүй байдлын тусгай хувцсанд шилжүүлэх хугацааг “Цагдаагийн эргүүл, харуулын дүрэм”-д зааснаар Цагдаагийн даргын тушаалаар тогтооно.

1.7. Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын дарга олон нийтийн цагдаагийн албан үүрэг гүйцэтгэх, нэгдсэн арга хэмжээ, хичээл сургалт, цаг улирлын онцлогт тохируулан газар, хэлтэстээ өмсөх хөдөлмөрийн аюулгүй байдлын тусгай хувцсыг жигдрүүлнэ.

1.8. Хөдөлмөрийн аюулгүй байдлын тусгай хувцас хэрэглэсэн үед эрэгтэй олон нийтийн цагдаа нь үсээ засуулсан, эмэгтэй олон нийтийн цагдаа нь хар өнгийн үсний боолтоор үсээ шууж боосон байна.

1.9. Олон нийтийн цагдаагийн хөдөлмөрийн аюулгүй байдлын тусгай хувцас, таних тэмдэг болон хамгаалах тусгай хэрэгслийн чанар, ашиглалт, хангамжтай холбоотой санал хүсэлтийг нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын дарга хүлээн авч шийдвэрлэнэ.

Хоёр. Таних тэмдэг, хөдөлмөрийн аюулгүй байдлын тусгай хувцас, түүний төрөл, хэрэглэх журам

2.1. Олон нийтийн цагдаагийн таних тэмдэг, хөдөлмөрийн аюулгүй байдлын тусгай хувцас нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхэд түүний хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахын тулд нормоор олгогдсон өдөр тутмын хувцас, хэрэгслийг хэлнэ.

2.2. Дараахь хувцас, таних тэмдгийг өдөр тутмын үйл ажиллагаа, хичээл сургалт, албаны арга хэмжээнүүдэд болон улирлын нөхцөлд тохируулан хэрэглэнэ.

2.2.1.Зуны улирал /хавар, зун, намар/-д:

  • Ханцуйн бэлэгдэл тэмдэг;
  • Нэрийн бичиглэл тэмдэг;
  • Хувийн дугаар, цусны бүлэг;
  • Малгайн бичиглэл тэмдэг;
  • Арын бичиглэл тэмдэг;
  • Саравчтай малгай;
  • Өдөр тутмын хүрэм;
  • Өдөр тутмын өмд;
  • Өдөр тутмын цамц /урт ханцуйтай/;
  • Өдөр тутмын цамц /богино ханцуйтай/;
  • Гэрэл ойлгогчтой хантааз /зуны/;
  • Зангиа;
  • Тоногтой суран бүс;
  • Богино түрийтэй гутал;
  • Борооны хүрэм, өмд.

Ханцуйн бэлэгдэл тэмдэг: Ханцуйн бэлэгдэл тэмдгийг өдөр тутмын хүрэм, өвлийн хүрэм, урт болон богино ханцуйтай цамцны ханцуйн зүүн талд ханцуйн залгаа оёдлоос доош 50 мм зайд голлуулан хадаж хэрэглэнэ.

Нэрийн бичиглэл тэмдэг: Нэрийн бичиглэл тэмдэгт олон нийтийн цагдаагийн овгийн эхний үсэг болон олон нийтийн цагдаагийн нэрийг бүтнээр нь кирил үсгээр бичсэн байна. Үүнийг өдөр тутмын хүрэм, өвлийн хүрэмний энгэрийн баруун талын халаасны тагны дээд талын ирмэг, борооны цув, гэрэл ойлгогч хантаазны энгэрийн дээд талын цацруулагч туузны баруун талын дээд ирмэгтэй зэрэгцүүлэн хадаж хэрэглэнэ.

Хувийн дугаар, цусны бүлэг: Хувийн дугаар, цусны бүлэгт тухайн нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагын индексыг хоёр оронтой тоогоор, алба хаагчийн хувийн дугаарыг 3 оронтой тоогоор, цусны бүлгийн хамтаар бичиж тэмдэглэсэн байна. Үүнийг өдөр тутмын хүрэм, өвлийн хүрэмний зүүн талын халаасны тагны дээд талын ирмэг, борооны цув, гэрэл ойлгогч хантаазны энгэрийн дээд талын цацруулагч туузны зүүн талын ирмэгтэй зэрэгцүүлэн хадаж хэрэглэнэ.

Нутаг, дэвсгэрийн цагдаагийн байгууллагын индекс:

Нийслэлийн дүүргийн нэр

Индекс

Аймгийн нэр

Индекс

Аймгийн нэр

Индекс

Багануур

11

Архангай

20

Завхан

30

Багахангай

12

Баян-Өлгий

21

Орхон

31

Баянгол

13

Баянхонгор

22

Өвөрхангай

32

Баянзүрх

14

Булган

23

Өмнөговь

33

Налайх

15

Говь-Алтай

24

Сүхбаатар

34

Сонгинохайрхан

16

Говьсүмбэр

25

Сэлэнгэ

35

Сүхбаатар

17

Дархан-Уул

26

Төв

36

Хан-Уул

18

Дорноговь

27

Увс

37

Чингэлтэй

19

Дорнод

28

Ховд

38

 

 

Дундговь

29

Хөвсгөл

39

 

 

 

 

Хэнтий

40

Малгайн бичиглэл тэмдэг: Малгайн бичиглэл тэмдгийг саравчтай малгайны урд цох болон ноосон малгайн эргэсэн манжетны урд талыг голлуулан хадаж хэрэглэнэ.

Арын бичиглэл тэмдэг: Арын бичиглэл тэмгийг өдөр тутмын хүрэм, өвлийн хүрэм, гэрэл ойлгогчтой өвлийн хантааз, /урт/ болон богино ханцуйтай цамцны арын дээд талд хатгамал хийцтэй, борооны хүрэмний ар тал, гэрэл ойлгогч зуны хантаазны ар, энгэрт цацруулагч /гэрэл ойлгогч/-тай бичиглэлийг хадаж хэрэглэнэ.

Өдөр тутмын хүрэм, цамцанд арын бичиглэл тэмдгийг захны ухаарын оёдлоос доош-100 мм, өвлийн хүрэм, хантааз, борооны цуванд захны ухаарын оёдлоос доош-160 мм зайтай хадна. Мөн зуны гэрэл ойлгогчтой хантаазанд арын бичиглэл тэмдгийг арын захны ухаараас доош 240 мм, энгэрийн захны ухаараас доош 140 мм зайтай хадна.

Саравчтай малгай: Зуны улиралд өдөр тутмын хувцас өмсөх бүх тохиолдолд “малгайн бичиглэл” тэмдэгтэй өмсөж хэрэглэнэ.

Өдөр тутмын хүрэм: Задгай энгэртэй хүрмийг өдөр тутмын хувцас өмсөх бүх тохиолдолд өмсөх ба энгэрийн халаасны дээд талд “нэрийн болон хувийн дугаар, цусны бүлэг” тэмдэг, ханцуйн зүүн талд “ханцуйн бэлэгдэл тэмдэг”, арын дээд талд “арын бичиглэл” тэмдэгтэй хэрэглэнэ. Хүрэмний хормойг агсамж /тоногтой суран бүс/, хамгаалах тусгай хэрэгсэл зүүсэн үед өмдний захны дотуур, бусад тохиолдолд өмдний захны гадуур тавьж өмсөнө. Шаардлагатай онцгой нөхцөлд хүрэмний дотуур хутганаас хамгаалах хантаазыг давхар өмсүүлнэ.

Өдөр тутмын өмд: Өдөр тутмын хувцас өмсөх бүх тохиолдолд шуумгийг гуталны түрийний дотор хийж өмсөнө.

Өдөр тутмын цамц /урт ханцуйтай/: Өдөр тутмын хүрэм өмсөх бүх тохиолдолд хүрэмний дотуур өмсөх ба ханцуйн зүүн талд “ханцуйн ялгах тэмдэг”, арын дээд талд “арын бичиглэл” тэмдэгтэй хэрэглэнэ. Цамцны захны ирмэг хүрэмний захны түвшинд буюу түүнээс дээш 5 мм цухуйсан байна. Өдөр тутмын хүрэм өмсөөгүй үед зангиа зүүж өмсөнө.

Өдөр тутмын цамц /богино ханцуйтай/: Өдөр тутмын хүрэм өмсөөгүй үед зангиа зүүж өмсөх ба ханцуйн зүүн талд “ханцуйн ялгах тэмдэг”, арын дээд талд “арын бичиглэл” тэмдэгтэй хэрэглэнэ. Зангиа зүүгээгүй нөхцөлд цамцны суурь захны товчийг тайлж өмсөж болно.

Гэрэл ойлгогчтой хантааз /зуны/: Гэрэл ойлгогчтой хантаазыг үүрэг гүйцэтгэх үед өдөр тутмын хүрэм, цамцны гадна талаар давхарлаж өмсөх ба “нэрийн болон хувийн дугаар, цусны бүлэг”-ийн тэмдэгтэй хэрэглэнэ.

Зангиа: Зангиаг өдөр тутмын цамц /урт болон богино ханцуйтай/-ыг дангаар өмсөх бүх тохиолдолд зүүж хэрэглэнэ.

Тоногтой суран бүс /агсамж/: Өдөр тутмын хүрэм, өмд өмсөх бүх тохиолдолд хэрэглэнэ. Суран бүсийг өдөр тутмын хүрэм, урт болон богино ханцуйтай цамц өмссөн үед өмдний захны түдүүлэнд сүвлэж, хиймэл үсэн захтай өвлийн хүрэм өмсөх үед хүрэмний гадуур бүсэлж хэрэглэнэ. Тоногтой суран бүс нь станц, гар чийдэн, бороохой, гав, хийн бортогны гэртэй байна. Суран бүс /агсамж/-д хамгаалах хэрэгслэлийн гэрийг баруун гар талаас гав, гар чийдэнгийн гэр, зүүн гар талаас хийн газ, радио станц, бороохойны гэрийг байрлуулах бөгөөд гүйцэтгэх ажил үүрэгт нь тохируулан хэрэглэх, хамгаалах хэрэглэлийн гэрийг тухайн үед сонгоно.

Богино түрийтэй гутал: Өдөр тутмын хувцас өмсөх бүх тохиолдолд өмсөнө.

Борооны хүрэм, өмд: Бороотой үед өдөр тутмын хүрэм, өмдний гадна талаар өмсөнө. Борооны хүрэм, өмдийг хэрэглээгүй үед зориулалтын уутанд эвхэж уутлан, суран бүсэнд сүвлэж зүүсэн байна.

2.2.2.Өвлийн улирал: /намар, өвөл, хавар/-д:

  • Ханцуйн бэлэгдэл тэмдэг;
  • Нэрийн бичиглэл тэмдэг;
  • Хувийн дугаар, цусны бүлэг;
  • Малгайн бичиглэл тэмдэг;
  • Арын бичиглэл тэмдэг;
  • Ноосон малгай;
  • Хиймэл үсэн захтай өвлийн хүрэм;
  • Өдөр тутмын хүрэм;
  • Өдөр тутмын цамц /урт ханцуйтай/;
  • Өвлийн өмд; v Гэрэл ойлгогчтой хантааз /өвлийн/;
  • Өвлийн гутал.

Ноосон малгай: Өвлийн улиралд өдөр тутмын хувцас өмсөх бүх тохиолдолд “малгайн бичиглэл” тэмдэгтэй өмсөж хэрэглэнэ. Ноосон малгайн доод хүрээ нь хөмсөгнөөс 1 см-ээс дээш түвшинд байна.

Хиймэл үсэн захтай өвлийн хүрэм /салдаг дотортой/: Хиймэл үсэн захтай, салдаг дотортой өвлийн хүрмийг өвлийн улиралд өдөр тутмын хувцас өмсөх бүх тохиолдолд өмсөх ба энгэрийн халаасны дээд талд “нэрийн болон хувийн дугаар, цусны бүлэг” тэмдэг, ханцуйн зүүн талд “ханцуйн бэлэгдэл тэмдэг”, арын дээд талд “арын бичиглэл” тэмдэгтэй хэрэглэнэ. Өвлийн хүрэмний юүдэнг салхи, шуургатай үед ноосон малгайн гадуур давхарлаж өмсөх бөгөөд сэрүүний улирал /хавар, намар/-д хиймэл үсэн захтай салдаг дотрыг салгаж өдөр тутмын хувцастай өмсөнө. Шаардлагатай онцгой нөхцөлд хүрэмний дотуур хутганаас хамгаалах хантаазыг давхар өмсүүлнэ.

Өвлийн өмд /салдаг дулаан дотортой/: Салдаг дулаан дотортой өвлийн өмдийг өвлийн улиралд өдөр тутмын хувцас өмсөх бүх тохиолдолд шуумгийг гуталны түрийний дотор хийж өмсөнө. Өвлийн өмдний салдаг дотрыг сэрүүний улирал /хавар, намар/-д салгаж өдөр тутмын хувцастай өмсөнө.

Гэрэл ойлгогчтой хантааз /өвлийн/: Гэрэл ойлгогчтой хантаазыг үүрэг гүйцэтгэх үед өвлийн хүрэмний гадна талаар давхарлаж өмсөх ба “нэрийн болон хувийн дугаар, цусны бүлэг”-ийн тэмдэг, “арын бичиглэл” тэмдэгтэй хэрэглэнэ. Өвлийн гутал /нэхий дотортой/: Өвлийн улиралд өдөр тутмын хувцас өмсөх бүх тохиолдолд өмсөнө.

Гурав. Тусгай хувцсыг хэрэглэх үеийн хязгаарлалт

3.1. Олон нийтийн цагдаа нь хөдөлмөр аюулгүй байдлын тусгай хувцсыг хэрэглэхэд дараахь зүйлийг хязгаарлана. Үүнд:

3.1.1. Олон нийтийн цагдаагийн таних тэмдэг, хөдөлмөрийн аюулгүй байдлын тусгай хувцасны батлагдсан загвар, өнгийг өөрчлөх, нэмэлт ялгах тэмдэг чимэглэл хийх, энгийн хувцастай хольж өмсөх;

3.1.2. Цэрэг, цагдаагийн дүрэмт хувцас, чимэг хэрэгслээс өмсөж хэрэглэх;

3.1.3. Хөдөлмөрийн аюулгүй байдлын тусгай хувцсыг ажлын бус цагаар албан үүргээ гүйцэтгээгүй үед өмсөж хэрэглэх, бусдад шилжүүлэх, барьцаалах, худалдах;

3.1.4. Хөдөлмөрийн аюулгүй байдлын тусгай хувцсыг таних тэмдэггүйгээр өмсөж албан үүрэг гүйцэтгэх;

3.1.5. Албаны үнэмлэхгүй үед таних тэмдэг, хөдөлмөрийн аюулгүй байдлын тусгай хувцас хэрэглэх;

3.1.6. Хөдөлмөрийн аюулгүй байдлын тусгай хувцсанд нугалаа гарган индүүдэх, этгээд хэлбэр, тод өнгийн гутал, оймс өмсөх, бүрэн бус хувцаслах, бохир үзэмжгүй өмсөж хэрэглэх;

3.1.7. Хөдөлмөрийн аюулгүй байдлын тусгай хувцас хэрэглэх үед үсээ урт ургуулах, эмэгтэй алба хаагчид үсээ задгай тавьж явах, хэт этгээд хэлбэр дүрстэй унждаг ээмэг, бөгж зүүж хэрэглэх, хумсаа урт ургуулах, тод өнгөөр будах.

Дөрөв. Тусгай хувцасны тооцоо хийх, актлан устгах

4.1. Олон нийтийн цагдаагийн хөдөлмөрийн гэрээг цуцалсан тохиолдолд түүнд тавьж олгосон холбооны болон нэг бүрийн хамгаалах хэрэгслийг хураан авч, хөдөлмөрийн аюулгүй байдлын тусгай хувцасны тооцоог 4.2-т заасан эдэлгээний хугацаагаар тооцож, эдэлгээний хугацаа дуусаагүй тусгай хувцасны үнийн зөрүүг нөхөн төлүүлнэ.

4.2. Олон нийтийн цагдаагийн хөдөлмөрийн аюулгүй байдлын тусгай хувцсыг дараахь хүснэгтэнд тусгасан эдэлгээний хугацааг баримтална. Үүнд:

 

 

Тусгай хувцасны нэр, төрөл

Хэмжих нэгж

Олгох тоо

Эдэлгээний хугацаа /жилээр/

Нэг: Малгай

1

Ноосон малгай

ш

1

3

2

Саравчтай малгай

ш

1

2

Хоёр: Гадуур хувцас

1

Өдөр тутмын хүрэм, өмд

хос

1

2

2

Хиймэл үсэн захтай өвлийн хүрэм өмд

хос

1

3

3

Борооны хүрэм, өмд

хос

1

4

4

Гэрэл ойлгогч хантааз /зуны/

ш

2

1

Гэрэл ойлгогч хантааз /өвлийн/

ш

2

1

Гурав: Дан хувцас

1

Урт ханцуйтай цамц

ш

1

1

2

Богино ханцуйтай цамц

ш

1

1

3

Зангиа

ш

1

2

Дөрөв: Гутал

1

Өвлийн дотортой гутал

хос

1

3

2

Богино түрийтэй гутал

хос

1

2

Тав: Тоногтой суран бүс

1

Тоногтой суран бүс

ком

1

5

4.3. Таних тэмдэг болох ханцуйн бэлэгдэл тэмдэг, нэрийн болон хувийн дугаар, цусны бүлгийн тэмдэг, малгайн болон арын бичиглэл тэмдгийг нормоор олгох хувцсанд хэрэглэх журамд нийцүүлэн дагалдуулан олгоно.

4.4. Хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан олон нийтийн цагдаагаас хөдөлмөрийн аюулгүй байдлын хувцсыг хураан авах, хувцасны эдэлгээний хугацааны үнийн зөрүү төлбөрийн тооцоо хийх, хувцсыг актлан устгах комиссыг нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын даргын тушаалаар байгуулна.

4.5. Хураагдсан хөдөлмөрийн аюулгүй байдлын тусгай хувцсыг устгах ажлыг хагас, бүтэн жилд комиссоос зохион байгуулж, дүнг нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын даргад танилцуулна.

4.6. Хөдөлмөрийн аюулгүй байдлын тусгай хувцасны эдэлгээний хугацааны үнийн зөрүүг бүрэн барагдуулсан тохиолдолд иргэнд таних тэмдэггүйгээр энгийн үед өмсөх боломжтой хувцсыг буцаан олгож болно.

4.7. Дараахь тохиолдолд олон нийтийн цагдаагийн эдэлгээний хугацаа дуусаагүй хөдөлмөрийн аюулгүй байдлын тусгай хувцасны үнийн зөрүү төлбөрийг тооцохгүй. Үүнд: а/тахир дутуугийн группт орсон; б/нас барсан; в/тэтгэвэрт гарсан; г/хөдөлмөрийн аюулгүй байдлын хувцасны өнгө, загвар өөрчлөгдсөн.

4.8. Эдэлгээний хугацаа дуусаагүй хөдөлмөрийн аюулгүй байдлын хувцасны зөрүү төлбөрийг тухайн аймаг, нийслэлийн төрийн сангийн дансанд төвлөрүүлэн гэрээ цуцлагдсан иргэдийн оронд нөхөн томилогдсон олон нийтийн цагдаагийн таних тэмдэг, хөдөлмөрийн аюулгүй байдлын тусгай хувцас бэлтгэхэд зарцуулахаас бусад зүйлд зарцуулахыг хориглоно.

4.9. Гэрээ цуцлагдсан иргэн хөдөлмөрийн аюулгүй байдлын тусгай хувцасны эдэлгээний хугацааны үнийн зөрүү төлөхөөс зайлсхийсэн тохиолдолд Хөдөлмөрийн тухай хууль, Иргэний хуульд зааснаар шүүхийн журмаар шийдвэрлүүлнэ.

Тав. Хяналт тавих

5.1.Энэ журмын хэрэгжилтэд Нийтийн хэв журам хамгаалах газар, хяналт тавьж, дүнг жил бүр Цагдаагийн төв байгууллагын даргад танилцуулна.

5.2.Олон нийтийн цагдаагийн таних тэмдэг, хөдөлмөрийн аюулгүй байдлын тусгай хувцсыг батлагдсан журмын дагуу эдэлж, хэрэглүүлэх, ашиглалтын байдалд нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага өдөр тутам хяналт тавина.

5.3.Энэ журмыг зөрчсөн олон нийтийн цагдаад хүлээлгэх хариуцлагын талаар хөдөлмөрийн гэрээнд заасан байна.

---000---

 

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна