/ Хууль, эрх зүй / Байгууллагын дотоод журам /

НАЛАЙХ ДҮҮРГИЙН ЦАГДААГИЙН ХЭЛТСИЙН ДОТООД ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Хэлтсийн дотоод журам /цаашид дотоод журам гэнэ/ нь байгууллагаас өөрийн дотоод үйл ажиллагааг зохион байгуулахтай холбогдож үүсэх хөдөлмөрийн харилцааг зохицуулах баримт бичиг мөн.

1.2. Дотоод журмын зорилго нь алба хаагч, ажилтнууд үр бүтээл, идэвхи санаачлагатай ажиллах нөхцлийг бүрдүүлэх, тэдний хөдөлмөрийг оновчтой зохион байгуулах, сахилга, дэг журмыг бэхжүүлэхэд оршино.

1.3. Энэ журам нь Налайх дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн болон харъяа нэгжийн байрлаж байгаа байранд үүрэг гүйцэтгэж байгаа цагдаагийн алба хаагч, ажилтан болон гэрээгээр ажил үйлчилгээ эрхэлж байгаа ажилтан, нэвтэрч буй иргэдэд хамаарна.

1.4. Дотоод журмыг хэлтсийн нийт бие бүрэлдэхүүн, хөдөлмөрийн гэрээнд оролцогч талууд дагаж мөрдөнө. 1.5. Хэлтсийн байранд харуул хамгаалалт, обьектын аюулгүй байдлыг дэд дарга хариуцна.

1.6. Алба хаагчдын долоо хоногийн ажлын цаг нь 40 хүртэл, ердийн ажлын өдрийн үргэлжлэл 8 хүртэл цаг байна. Албан ажил өглөө 08.30 цагт эхэлж, орой 17.30 цагт дуусна. Өдрийн завсарлага буюу цайны цаг 12.30-13.30 цагийн хооронд /Төр захиргаа, Цагдаагийн төв байгууллагаас гаргасан ажлын цагийг тогтоох шийдвэрээр өөрчлөгдөж болно/ байна.

1.7. Угтах үйлчилгээ буюу шалган нэвтрүүлэх хэсэг нь тус хэлтсийн төв байрны гаднах болон дотор орж гарах хаалгаар автомашин болон иргэд, алба хаагчдыг нэвтрүүлэх байрыг ойлгоно.

1.8. Дотоод журмын хэрэгжилтэд хэлтсийн удирдах болон ахлах албан тушаалтнууд хяналт тавина.

1.9. Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлтсийн даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэж, тушаал гаргаж шийдвэрлэнэ.

Хоёр. Удирдлага, зохион байгуулалт

2.1. Цагдаагийн хэлтэс /цаашид "байгууллага" гэнэ/-ийг Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар томилогдсон дарга удирдана.

2.2. Даргын дэргэд зөвлөх эрхтэй орон тооны бус удирдлагын зөвлөл ажиллах бөгөөд зөвлөл нь 7-9 хүний бүрэлдэхүүнтэй байх ба зөвлөлийн гишүүдийг Нийслэлийн цагдаагийн удирдах газрын даргын тушаалаар батална. Зөвлөлийн хурал сар бүрийн 5, 23-ны өдөр хуралдана. Шаардлагатай тохиолдолд ээлжит бус хурлыг хэлтсийн дарга тухай бүр зарлан хуралдуулна.

2.3. Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар батлагдсан байгууллагын зохион байгуулалтын бүтцийн нэгжийн /цаашид нэгж гэнэ/ дарга нар нь өөрсдийн хүлээсэн үүргийн дагуу ажлын гүйцэтгэл, үр дүнг хэлтсийн даргын /цаашид дарга гэнэ/ өмнө бүрэн хариуцаж ажиллана.

2.4. Жижүүрийн томилгоог жижүүрийн ахлах мөрдөгч, эргүүлийн томилгоог хэв журмын ахлах байцаагч хийж Шуурхай удирдлагын тасгийн дарга, Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга нарт хянуулан хэлтсийн даргаар батлуулна.

2.5. Эргүүл, жижүүр нь тухайн өдрийн 09.00 цагаас дараа өдрийн 09.00 цаг хүртэл 24 цагаар үүрэг гүйцэтгэнэ.

2.6. Угтах үйлчилгээнд гарч байгаа жижүүрийн цагдаа хэлтэст ирсэн иргэдийг угтан хүлээж авч, хэрэг зорилгыг асууж, бичиг баримтыг шалган, бүртгэж холбогдох алба хаагчтай уулзуулна.

2.7. Хоногийн нөхцөл байдалтай хэлтсийн дарга өдөр бүр танилцаж, үүрэг чиглэлээр хангана. Долоо хоногийн амралтын өдрүүдэд тасгийн дарга нар хоногийн нөхцөл байдалтай биечлэн танилцаж, тус тусын алба хаагчдыг үүрэгжүүлнэ. Цохсон хэрэг, материалыг хариуцсан алба хаагчдад хүлээлгэж өгөх, хойшлуулшгүй ажиллагааг цаг алдалгүй хийлгүүлэх ажлыг тасгийн дарга нар зохион байгуулна.

2.8. Хэлтсийн хариуцлагатай эргүүлээр бүх нийтээр амрах томоохон баярын өдрүүдэд удирдах албан тушаалтнууд, долоо хоногийн туршид ахлах албан тушаалд ажиллаж байгаа алба хаагчдын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллана. Хариуцлагатай эргүүлийн хуваарийг Шуурхай удирдлагын тасгийн дарга сар бүр гаргаж хэлтсийн даргаар батлуулна.

2.9. Хэлтэс нь үйл ажиллагаандаа хуулиар нууцалсанаас бусад асуудлаар “Нээлттэй хаалга”-ны зарчмыг баримтлана.

2.10. Удирдах албан тушаалтнуудаас иргэдийг хүлээж авч уулзах хуваарийг хэлтсийн дарга баталж, иргэдэд харагдахуйц газар байрлуулна.Тасгийн дарга нар иргэдтэй хийсэн уулзалтын агуулга, цаашид авах арга хэмжээний саналын талаар тухайн долоо хоногт багтаан бичгээр танилцуулна.

2.11. Хэлтсийн хэмжээнд зохион байгуулах албаны сургалтыг 7 хоногийн “Баасан” гарагт өглөө, соён гэгээрүүлэх болон спорт уралдаан тэмцээнийг “Лхагва” гарагт орой 16 цагаас, тасаг, албаны сургалтыг батлагдсан хөтөлбөр, төлөвлөгөө, хуваарийн дагуу явуулж биелэлт, үр дүнг Захиргааны удирдлагын тасаг тооцно. (Тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалан цагт өөрчлөлт оруулж болно.)

2.12. Хэлтсийн алба хаагчид долоо хоногийн “Даваа”, “Баасан” гарагийн өглөө 08 цаг 30 минутанд нэгдсэн рапортанд сууж, эрүү хэв журмын нөхцөл байдлын мэдээг сонсоно.

2.13. Хэлтсийн нийт алба хаагчид Цагдаагийн байгууллагын нэгдсэн санруу өөрийн нэвтрэх нэрийн кодо, нууц дугаараар нэвтрэн улсын болон нийслэлийн хэмжээний хоногийн нөхцөл байдлын мэдээлтэй танилцана.

2.14. Алба хаагч, ажиллагсдын ээлжийн амралтын хуваарийг тухайн жилийн 1 дүгээр сард багтаан тасгийн дарга нар гарган, Захиргааны удирдлагын тасагт хүргүүлж хэлтсийн даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэж баталгаажуулан, амралтын хугацааг Цагдаагийн албаны тухай болон Хөдөлмөрийн тухай хууль, Цагдаагийн ерөнхий газраас өгсөн чиглэлийн дагуу хүний нөөцийн ажил хариуцсан ахлах мэргэжилтэн алба хаагч нарын хугацааг тооцож, хяналт тавин тухайн жилд нь багтаан тасгийн дарга нар эдлүүлнэ.

2.15. Хэлтсийн алба хаагчид албан бичгийг өөрийн компьютер дээр бичиж файл хэлбэрээр нь дотоод сүлжээгээр хэлтсийн томилогдсон бичээчид өгч хэвлүүлнэ. Бичээч нь алба хаагчдын удирдах даргадаа хянуулж засварласан нооргийг үндэслэн албан бичгийн стандартад оруулан, үг үсгийн алдаа /илрүүлэх программаар уншуулж/-г засч баримт бичгийн хэвлэмэл хуудсан дээр хэвлэж гаргана.

2.16. Албан бичгийн найруулгын алдааг бичээч хариуцахгүй тухайн албан бичгийг төлөвлөсөн, хянасан албан тушаалтан биечлэн хариуцна. Баримт бичгийн бичвэр алдаатай, засвартай, тамга, тэмдэг буруу дарагдсан, хэвлэмэл хуудсыг гэмтээсэн, үрэгдүүлсэн зэрэг тохиолдолд бичиг хэргийн ажилтан тусгай тэмдэглэл хөтөлж, буруутай алба хаагчаар гарын үсэг зуруулж баталгаажуулна.

2.17. Бичиг хэргийн эрхлэгч бүртгэлийг сар бүр санхүүд шилжүүлж, хэвлэмэл хуудасны үнийг зах зээлийн тухайн үеийн ханшаар буруутай алба хаагчаар төлүүлэх, хэвлэмэл хуудсыг байгууллагын даргын тушаалаар устгах ажлыг хариуцан гүйцэтгэнэ.

2.18. Хэлтэс, тасгийн алба хаагчид баримт бичгийг үдэж, хавтаслан бичиг хэргийн эрхлэгч, архивчаас заавар, зөвлөгөө авч, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам /код-120/-д заасныг баримтлан дараа оны 1 дүгээр улиралд багтаан өгнө.

2.19. Архивын эрхлэгч нь заавар, журмын дагуу үдэж хавтаслаагүй баримтыг хүлээн авахгүй.

2.20. Байгууллагын даргын шийдвэрээр алба хаагчдыг амралтын өдөр ажиллуулсан тохиолдолд ажлын ачаалал, үр дүн зэргийг харгалзан тухайн нэгжийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүйгээр нөхөн амраана.

2.21. Тус хэлтсийн байрны гаднах автомашины зогсоолын талбайд байгууллагын албаны автомашиныг байрлуулж жижүүрийн ахлах мөрдөгч хяналт тавьж, цэвэрлэгээ үйлчилгээг хариуцан ажиллана.

2.24. Цагдаагийн байгууллагаас иргэдэд үзүүлж буй үйлчилгээг ил тод, шуурхай болгох зорилгоор тус хэлтсийн байранд “Угтах үйлчилгээ”-г ажлын өдрүүдэд 09-17 цаг хүртэл тогтмол явуулах бөгөөд шаардлагатай тохиолдолд /өндөржүүлсэн бэлэн байдлын үед/ байгууллагын даргын шийдвэрээр алба хаагчид нэмэлтээр хоногоор үүрэг гүйцэтгүүлж болно.

Гурав. Байгууллагын дотоод үйл ажиллагаа

3.1. Дарга нь Хөдөлмөрийн тухай хууль, бусад хууль, тогтоомжид нийцүүлэн тухайн байгууллагын дотоод үйл ажиллагаатай холбогдсон асуудлаар тушаал гаргана.

3.2. Тухайн асуудлыг шийдвэрлэхээр тушаал гаргах, албан бичиг, танилцуулга зэрэг бичиг баримт бэлтгэхдээ төсөл боловсруулсан алба хаагч нь өөрийн ажиллаж байгаа үндсэн нэгжийн даргад танилцуулсны дараа бусад нэгж, албан тушаалтны саналыг авч төсөлд тусгана. Төсөлтэй танилцах /үндсэн нэгжийн нэр бүхий/ хуудсанд нэгжийн дарга зөвшөөрч гарын үсэг зурсны эцэст даргад танилцуулна.

3.3. Тушаалын хэрэгжилтэд Захиргааны удирдлагын тасгийн дарга, хугацаатай, хариутай албан бичигт тасгийн дарга нар биечлэн, бичиг хэргийн эрхлэгч, архивч картаар хяналт тавьж, шаардлагатай тушаалуудын хэрэгжилтийг хэлтэс, нэгжийн дарга нарт танилцуулж байна.

3.4. Байгууллагын нууцыг тогтоох, хамгаалахад Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам код 113 /Дотоод аюулгүй байдлыг хангах/, 114 /Байгууллагын нууцыг тогтоох, хамгаалах/ болон бусад холбогдох хууль, тогтоомж, эрх зүйн актыг дагаж мөрдөнө.

3.5. Хэлтсийн доторх хяналтын телекамерын бичлэгийг хадгалах, аюулгүй байдлыг хангах ажлыг “Дотоод аюулгүй байдлыг хангах” /код-113/-д заасны дагуу орон тооны бус ажлын хэсгийн ахлагчид хариуцуулж, биелэлтийг тооцно.

3.6. Тус хэлтэс нь архи, тамхигүй орчин бүрдүүлсэн байна. Эрүүл мэнддээ анхаарал тавьдаг, тухайн жилд өвдөж эмнэлгийн чөлөө аваагүй алба хаагчид ажлын нэг өдрийн цалинтай чөлөөг олгож болно.

3.7. Хэлтсээс зохион байгуулж байгаа сургалт, соён гэгээрүүлэх ажил, нэгдсэн рапортыг 1 удаа тасалж, хоцорсон тохиолдолд амралтын өдрүүдэд эргүүлийн томилгоонд оруулж ажиллуулах, 2 удаа тасалсан, хоцорсон бол ажлын үр дүнгээр цалинг 5-20 хувь хасч тооцно.

3.8. Ажлын зайлшгүй шаардлагыг харгалзан хэлтэс, тасгийн даргын шийдвэрийг үндэслэн алба хаагчийг илүү цагаар ажиллуулж болох бөгөөд ажлын цаг ашиглалтын байдалд нэгжийн дарга нар хяналт тавьж, цаг ашиглалтын бүртгэл хөтөлнө. Хэлтсийн хэмжээнд нэгдсэн бүртгэлийг Захиргааны удирдлагын тасгийн дарга, төлөвлөлт, зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн хариуцна.

3.9. Алба хаагч ээлжийн амралттайгаас бусад ажлын болон нийтээр амрах баяр ёслол, 7 хоногийн амралтын өдрүүдэд цагдаагийн хүрээнээс гадагш явах бол шууд удирдах даргадаа заавал мэдэгдэж бичгээр зөвшөөрөл авч баталгаа гаргаж өгнө.

3.10. Хурал, зөвлөгөөн болон хоногийн нөхцөл байдалтай танилцах рапорт дээр ярилцсан ажил, арга хэмжээ, үүрэг, даалгаврыг бичээч, бичиг хэргийн эрхлэгч, архивч нар тэмдэглэл хөтөлнө.

3.11. Алба хаагч нь ажлаа долоо хоногоор төлөвлөж ажиллана. Алба хаагчийн төлөвлөгөөг нэгжийн дарга батална.

3.13. Алба хаагчийн гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний гүйцэтгэл, үр дүнг холбогдох журмыг баримтлан нэгжийн дарга сараар /тайлан гаргана/ тооцон дүгнэж, биелэлтийг хангуулж хяналт тавьж ажиллана.

3.14. Цагдаагийн хэлтсийн алба хаагчдын сахилга ёс зүйн байдалд хяналт шалгалт зохион байгуулж үнэлгээ, дүгнэлт өгөх, зөрчил гаргасан алба хаагчдын шалтган нөхцлийг арилгуулах чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээ авах үүрэг бүхий “Ёс зүйн зөвлөл”-тэй байна.

3.15. Цагдаагийн хэлтсийн ёс зүйн зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг хэлтсийн даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэж тушаалаар баталгаажуулна.

3.16. “Ёс зүйн зөвлөл” нь хэрэгжүүлсэн ажил арга хэмжээний тайланг хагас бүтэн жилээр цагдаагийн хэлтсийн даргын зөвлөлд тайлагнана.

Дөрөв. Шалган нэвтрүүлэх ажиллагаа

4.1. Байгууллагын даргыг тухайн өдрийн өглөө ажлын байранд ирэхэд ерөнхий жижүүр /жижүүрийн ахлах мөрдөгч/ “Дотоод албаны дүрэм”-ийн дагуу илтгэл өгч, нөхцөл байдлыг танилцуулна.

4.2. Цагдаагийн хэлтсийн байранд орж үйлчилгээ авах, алба хаагчидтай уулзахаар ирсэн иргэдийн биеийн байцаалтыг үзэж, тулгалт хийн бүртгэн нэвтрүүлэх бөгөөд шаардлагатай тохиолдолд тэдний биед болон эд зүйлд үзлэг, шалгалтыг хийнэ. Дипломат эрхтэй, консулын газрын ажилтны үнэмлэхийг шалгаж бүртгэх бөгөөд тэдний биед болон эд зүйлд үзлэг, шалгалт хийхийг хориглоно.

4.3. Дүрэмт хувцасны зөрчилтэй алба хаагч болон согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн иргэдийг албаны байранд нэвтрүүлэхийг хориглоно.

4.4. Алба хаагчид, ажилчид овор ихтэй эд зүйлийг байгууллагаас авч гарч, оруулж буй тохиолдол бүрт жижүүрт мэдэгдэн бүртгүүлж нэвтрэх ба эд зүйл гаргасан тохиолдолд хоногийн рапортанд тэмдэглэн байгууллагын дэд даргад мэдэгдэнэ.

4.5. Хэлтсийн алба хаагч, ажилд ирэх болон тарах үедээ гарын хээний автомат цаг бүртгэгч төхөөрөмжид цагаа бүртгүүлэх бөгөөд түүнд үндэслэн ажилласан цагийг тооцож цалинг бодно.

4.6. Автомат цаг бүртгэлийн төхөөрөмжид ажилласан цагаа бүртгүүлээгүй тохиолдолд тухайн алба хаагчаас бичгээр гаргасан тайлбар, хүсэлтийг үндэслэн шаардлагатай бол өглөөний рапортын ирцийн бүртгэл, лац хүлээлцсэн бүртгэлтэй тулгалт хийж нэгжийн дарга цагийн тооцоог хүснэгтээр гарган Захиргааны удирдлагын тасгийн даргаар батлуулан Санхүүд өгнө.

4.7. Ажлын цагаар гадуур ажлаар явахдаа алба хаагчид “Угтах үйлчилгээ”- нд ажиллаж байгаа алба хаагч болон жижүүрийн цагдаад хаашаа, ямар зорилгоор явж байгаагаа тэмдэглүүлж гарсан, ирсэн цагаа бүртгүүлнэ.

4.8. Алба хаагч ажилтны ажлын цаг ашиглалтад тухайн тасгийн шууд харьяалах дарга хяналт тавьж, цагийн тооцоог сар бүрийн 20-ны өдрийн дотор алба хаагч нэг бүрээр гарган өгнө. Энэ нь цалин хөлс олгоход баримтлах үндэслэл болно.

4.9. Алба хаагчидтай хувийн ажлаар уулзахаар ирсэн иргэдийг шалган үүдний хүлээлгийн танхимд түр хүлээлгэж, тухайн алба хаагч өөрөө гарч уулзах бөгөөд албан ажлаар ирсэн зочдыг Иргэд хүлээж авах өрөөнд оруулж уулзана.

4.10. Хэлтсийн даргатай уулзах алба хаагч, иргэдийг зөвхөн бичиг хэргийн эрхлэгч, архивчид мэдэгдэж зөвшөөрсөн тохиолдолд дотогш оруулна.

4.11. Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн хуралдааны шийдвэр, Төрийн үйлчилгээг иргэдэд тасралтгүй шуурхай хүргэх зорилгод нийцүүлж хэлтсийн удирдлага иргэдийг цагийн хуваарь харгалзахгүйгээр хүлээн авч уулзана.

4.12. Хэлтсийн удирдлага, алба хаагч, ажилтан, ажилчид иргэдтэй харьцахдаа “Цагдаагийн байгууллагын үйлчилгээний стандарт”-ыг чанд мөрдөнө.

Тав. Обьектын аюулгүй байдлыг хангах

5.1. Байрны харуул хамгаалалт, обьектын аюулгүй байдлыг жижүүрийн ахлах мөрдөгч хариуцан ажиллана. Тэдний ажил үүргийн гүйцэтгэлд Шуурхай удирдлагын тасгийн дарга хяналт тавьж ажиллана.

5.2. Дэг журам сахиулагч цагдаа гаднаас ирсэн иргэдийн бичиг баримтыг бүртгэж, овор ихтэй цүнх, тээш, авч яваа зүйлд үзлэг хийнэ. Нэвтэрсэн иргэд, алба хаагч, ажиллагсдын гар тээшнээс сэжигтэй зүйл /жишээ нь: тэсэрч дэлбэрэх бодис, мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, согтууруулах ундааны зүйл, хуулиар хориглосон ангийн мах гэх мэт/ илэрвэл нэн даруй дэд дарга буюу түүний эзгүйд Нийтийн хэв журам хамгаалах тасгийн даргад мэдэгдэж шийдвэрлүүлэх.

5.3. Обьектын аюулгүй байдлыг хангах зорилгоор байрны гадна болон дотор давхар бүрт теле хяналтын камер байрлуулах бөгөөд гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдэл илэрсэн тохиолдолд удирдлагад мэдэгдэж, харьяалах тасагт шалгуулахаар шилжүүлж, тэмдэглэл үйлдэнэ.

5.4. Жижүүрийн ахлах мөрдөгч нь хоногийн хугацаанд үүрэг гүйцэтгэсэн тухай илтгэх хуудас бичиж, рапортын дэвтэр болон бусад баримт бичиг, байрны гадна, доторх нийтийн эзэмшлийн эд зүйл, өрөөнүүдийн лац, нөөц түлхүүрийн хайрцаг, түлхүүрүүд, бэлэн байдлын төлөвлөгөө, лацадсан дугтуй, нэг бүрийн тусгай хэрэгслүүдийг ажлын өдөр 08 цаг 00 минутад, амралтын өдөр 09 цаг 00 минутад дараагийн гарах ээлжинд хүлээлцэнэ.

5.5. Хоногийн нөхцөл байдлын танилцуулгыг хэлтсийн даргад танилцуулан гарын үсэг зуруулж, нөхцөл байдлын танилцуулгыг мэдээлэл, судалгаа хариуцсан ахлах мэргэжилтэнд хүлээлгэн өгнө.

5.6. Амралтын өдөр хоногоор ажилласан жижүүрийн бүрэлдэхүүн нь ээлж хүлээлцэхдээ нөхцөл байдлын танилцуулгыг хоногийн нөхцөл байдал танилцахаар томилогдсон даргад илтгэн танилцуулна.

5.7. Тухайн өдрийн жижүүрийн ахлах мөрдөгч нь тус хэлтсийн байранд цахилгааны хязгаарлалт хийх, тасрах, гэмтэл гарах үед нөхцөл байдлын танилцуулганд дурьдаж удирдлагад танилцуулна.

5.8. Алба хаагч тухайн өдрийн ажлын цаг дуусч ажлын байрнаас гарахдаа цахилгаан хэрэгслийг хэлхээнээс бүрэн салгаж, албаны сейф болон өрөөний хаалгаа цоожилж, лацдан жижүүрт хүлээлгэн өгнө.

5.9. Обьектын галын аюулгүй байдлыг хангах ажиллагаанд Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам “Галын аюулгүй байдлыг хангах /код-125/”- ыг баримтална.

5.10. Обьектын гал түймрээс урьдчилан сэргийлэх зорилгоор гал гарах үед ажиллах схем, зураглалыг гаргах, байрны давхар бүрт гал унтраах хор, галын гидрантыг бүрэн ажиллагаатай байлгах үүргийг барилга байгууламжийн аюулгүй байдал хариуцсан албан тушаалтан, галын аюулаас эд зүйл авран хамгаалах төлөвлөгөөг Нийтийн хэв журам хамгаалах тасгийн ахлах байцаагч боловсруулж, биелэлтэд нь хяналт тавина.

5.11. Албан тасалгаануудын түлхүүрийн нэг хувь жижүүрт хадгалагдана. Тухайн өрөөний алба хаагч байхгүй тохиолдолд өрөөг онгойлгох зайлшгүй шаардлага гарсан үед хариуцлагатай эргүүлийн хяналт дор онгойлгон, цоожилж, лацдан аюулгүй байдлыг хангаж энэ тухай тэмдэглэл хөтөлнө.

5.12. Хэлтсийн байрны алба хаагчдыг албаны болон өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэн ажиллуулах, нүүлгэн шилжүүлэх, хамгаалалтын төлөвлөгөөг Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга баталж, нууцлан хадгалж хэрэгжүүлнэ.

Зургаа. Хэлтэс, тасгийн дарга, алба хаагч, ажиллагсдын эрх, хүлээх үүрэг

6.1. Цагдаагийн байгууллагын эрхэм зорилго, үйл ажиллагааны стратегийн зорилтыг үндэслэн алба хаагчийн ажлын байрны тодорхойлолтыг оновчтой тогтоож мөрдүүлнэ.

6.2. Алба хаагчийг эрүүл ахуй, аюулгүй нөхцөлийг хангасан ажлын байр, бичгийн хэрэгсэл, шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгслээр хангана.

6.3. Алба хаагчийн ажилласан жил, ажлын үр дүн, цаашид тогтвор суурьшилтай ажиллах боломж бололцоог харгалзан мэдлэг, мэргэшил, ур чадварыг дээшлүүлэх, давтан сургах ажилд дэмжлэг, туслалцаа үзүүлнэ.

6.4. Алба хаагч, ажиллагсдын цалин хөлсийг сард 2 удаа олгох бөгөөд нийтээр амрах баярын болон амралтын өдөртэй давхацвал өмнөх ажлын өдөр нь олгоно.

6.5. Ажлын бүтээмж, ажил, үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, ажлын байрны сахилга, дэг журмыг бэхжүүлэх ажлыг зохион байгуулж, албан хэрэг хөтлөлтийн эмх цэгц, ажлын цаг ашиглалтын байдалд тасгийн дарга хяналт тавина.

6.6. Алба хаагчдын нийгмийн баталгааг хангах ажлыг зохион байгуулна.

6.7. Алба хаагчдын ажлыг сар, улирал, хагас, бүтэн жилээр дүгнэх, шагнал урамшуулал олгох, ажлын үр дүнтэй нь холбогдуулан цалин хөлсийг нэмэгдүүлэх, нэмэгдэл хөнгөлөлт, нөхөн олговор олгох ажлыг Төрийн албаны болон Цагдаагийн албаны тухай, Хөдөлмөрийн тухай хууль, холбогдох журмын хүрээнд шийдвэрлэнэ.

6.8. Хэлтэс, тасгийн дарга нар хариуцсан алба хаагч, ажилтнуудаар дотоод дэг журмыг чанд сахиулж, албаны нууцыг хадгалах, хамгаалах, хариуцсан эд хөрөнгө, техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг аюулгүй бүрэн бүтэн байлгах үүрэг хүлээнэ.

6.9. Байгууллагын дотоод журмыг боловсронгуй болгох, түүний хэрэгжилтийг хангахтай холбогдсон шаардлагатай арга хэмжээг тухай бүр авч байна.

6.10. Өргөсөн тангараг болон хууль тогтоомжийн дагуу цагдаагийн албан ажилд тавигдах зарчим, шаардлага, цагдаагийн алба хаагчийн сахилга, ёс зүйн болон энэхүү журмаар тогтоосон хэм хэмжээг чанд сахиж мөрдлөг болгон ажиллана.

6.11. Ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолт, хөдөлмөрийн болон үр дүнгийн гэрээнд заасан чиг үүргийг хэрэгжүүлж, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг шуурхай, бүрэн биелүүлж, биелэлтийг тогтоосон хугацаанд нь танилцуулж, захирах, захирагдах ёсыг чанд баримтлан ажиллана.

6.12. Эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, санаачилга гаргаж, мэдлэг, мэргэшил, ур чадвараа байнга дээшлүүлж, ажлын цагийг үр бүтээлтэй бүрэн ашиглана.

6.13. Албан хэрэг, баримт бичгийг стандартын дагуу боловсруулж, нууцыг чандлан хадгалж, албан хэрэг хөтлөлтийн явцад үүссэн баримт бичиг, материалыг архивт тогтоосон хугацаанд нь шилжүүлнэ.

6.14. Ажлын байрны эрүүл ахуй, ариун цэврийг сайжруулах, галын аюулаас урьдчилан сэргийлэх үүрэг хүлээнэ. Архидан согтуурах, тамхины хор хөнөөлтэй тэмцэх талаар гарсан хууль, дүрэм, журмыг сахин биелүүлж, албан тасалгаанд овор ихтэй зүйл хадгалах, нууц баримт бичгийг ил задгай байлгах, өрөөг онгорхой орхихыг хориглоно.

6.15. Албан тасалгаанд гадны хүн удаан хугацаагаар байлгахгүй, ажлын цагаар үүрэгт ажилд холбогдолгүй үйл ажиллагаа явуулахгүй байх.

6.16. Ажилдаа ирэх, буцахдаа цагаа бүртгүүлж байна. Ажлын цагийн дундуур гадуур ажлаар явахдаа тасгийн дарга нартаа мэдэгдэж, жижүүрийн ахлах мөрдөгч, угтах үйлчилгээнд ажиллаж байгаа ажилтанд бүртгүүлэн тогтмол холбоотой ажиллана.

6.17. Байгууллагаас тогтоосон дэг журмыг сахин биелүүлж, хариуцсан эд хөрөнгө, техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг ариг гамтай эдэлж хэрэглэхийн зэрэгцээ цэвэр, цэмцгэр, эмх цэгцтэй байдлыг хариуцна.

6.18. Нийтийн хэв журам хамгаалах, эргүүл жижүүр, харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэх, шалган зааварлах ажил, сургуулилт, нэгдсэн сургалт, зөвлөгөөн, баяр, ёслолын арга хэмжээнд оролцох, жагсаалын үзлэг, буудлага, түргэн цугларалтад оролцохоос бусад үед ажлын байранд энгийн хувцастай үүрэг гүйцэтгэж болох ба хэв журам хамгаалах болон иргэдэд цагдаагийн байгууллагын ажил үйлчилгээг шууд хүргэх үүрэг бүхий алба хаагчид ажлын байранд албаны дүрэмт хувцастай байна.

6.19. Жил бүрийн 1 дүгээр улиралд багтаан тухайн жилд хийж гүйцэтгэх гүйцэтгэлийн төлөвлөгөөг гарган, гэрээ байгуулж ажиллана.

6.20. Гадаад, дотоодод томилолтоор ажилласан, сургалтад хамрагдсан тохиолдолд ирснээс хойш ажлын 5 хоногт багтаан илтгэх хуудас, танилцуулга бичиж, хэлтсийн даргад танилцуулна.

6.21. Хэлтэс, тасгийн дарга болон алба хаагч нар өөрийн үйл ажиллагааны чиглэлээр хийсэн болон хийхээр төлөвлөсөн ажил, арга хэмжээг алба хаагч нарт хэрхэн хамтарч зохион байгуулах, цаашид анхаарч ажиллах асуудлын талаар мэдээлэл, зөвлөмж, зааварчилга бэлтгэж тухай бүр хамаарах алба хаагч нарт хүргүүлж ажиллана.

6.22. Алба хаагчид өөрсдийн үйл ажиллагааны чиглэлээр тоо баримт, төсөв тооцоо бүхий санал, судалгаатай байх бөгөөд түүнийгээ байнга баяжуулж, шаардлагатай үед удирдлагыг хэрэгцээтэй мэдээллээр хангахад ашиглахын зэрэгцээ ажил үүрэг гүйцэтгэхэд ашиглана.

6.23. Цалин хөлсөө нэмэгдүүлэх, албан тушаалын зэрэглэлээ ахиулах, ажиллах нөхцөл, нийгмийн баталгаагаа сайжруулах, техник хэрэгслээр хангуулах, гадаад, дотоодын сургалтад хамрагдахтай холбогдсон санал, хүсэлтээ шууд харьяалан удирдах даргаараа дамжуулан хэлтсийн даргад танилцуулах эрх эдэлнэ.

6.24. Өөрийн хувийн хэрэг болон үр дүнгийн гэрээг дүгнэсэн үнэлгээ, цалин хөлстэй холбоотой мэдээлэл зэрэгтэй танилцаж, шаардлагатай гэж үзвэл хувийн хэрэгтээ нэмэлт баяжилт хийлгэх хүсэлт гаргаж болно.

6.25. Хэлтсийн даргад мэдэгдэн зөвшөөрөл авсны үндсэн дээр албан ажлынхаа зэрэгцээ эрдэм шинжилгээний ажил эрхэлж болно.

6.26. Алба хаагч нь Төрийн албаны тухай, Цагдаагийн албаны тухай хууль болон Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журамд заасан баталгаагаар хангагдана.

Долоо. Бусад асуудал

7.1. Хэлтсийн байранд үйлчлэгч болон аж ахуйн ажилтнууд нийтийн эзэмшлийн талбай, хурлын танхим, өрөө тасалгааны цэвэрлэгээ, үйлчилгээг ажлын өдөр 08.00-17.00 цагийн хооронд хийнэ. Бусад цагуудад тухайн алба хаагчийн хүсэлтээр цэвэрлэгээ үйлчилгээг хийж болно.

7.2. Хүний нөөцийн мэргэжилтэн нь тус хэлтэст шинээр томилогдсон алба хаагчдад байгууллагын дотоод журам болон цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд холбогдолтой хууль тогтоомж, зарлиг, тогтоол, шийдвэр, журам, ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолт, алба хаагч, ажиллагсдын эрх, үүрэг, гүйцэтгэлийн төлөвлөгөө болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэг, албан тушаалын цалингийн сүлжээ ба нэмэгдэл хөлс, шагнал урамшуулал, ажиллах нөхцөл, баталгаа зэргийг тайлбарлан танилцуулж, мэдээллээр хангана.

7.3. Ажлаас чөлөөлөгдөх, Цагдаагийн байгууллагаас тэтгэвэрт гарах, халагдах буюу албан тушаал өөрчлөгдөж буй алба хаагч нь хариуцан гүйцэтгэж байсан албан ажлын холбогдолтой материал, баримт бичгийг цаас болон файл хэлбэрээр тухайн нэгж /хэлтэс, тасаг/-ийн даргыг байлцуулан ажил хүлээн авахаар томилогдсон алба хаагчид /хэрвээ ажил хүлээн авах алба хаагч томилогдоогүй тохиолдолд тухайн нэгжийн даргад/ байгууллагаас олгон ашиглаж байсан эд хөрөнгө, тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, лацны тэмдэг, дүрэмт хувцас, чимэг хэрэгсэл болон бусад эд зүйлийг санхүү /нярав/-д, албан хэрэгцээнд ашиглаж байсан ном, албаны үнэмлэх, энгэрийн тэмдгийг хүний нөөцийн мэргэжилтэнд тус тус хүлээлгэн өгч, тэмдэглэл үйлдэнэ.

7.4. Ажлаас чөлөөлөгдөх, өөр албанд шилжих, албанаас халагдаж буй алба хаагчийн тойрох хуудсыг хүний нөөцийн мэргэжилтнээс авч холбогдох албан тушаалтнуудаар бөглүүлэн, санхүүгийн тооцоог эцэслэн хийсний дараа түүнд ажлаас чөлөөлсөн, шилжүүлсэн, халагдсан тухай шийдвэр, хөдөлмөрийн ба нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтрийг тус тус хүлээлгэн өгнө.

7.5. Дотоод журамд хэлтсийн даргын тушаалаар нэмэлт, өөрчлөлт оруулж болох бөгөөд тэдгээр нь энэ журмын салшгүй хэсэг болно.

Найм. Хүлээлгэх хариуцлага

8.1. Дотоод журмыг зөрчсөн удирдах дарга, алба хаагч, ажилтан, ажиллагсдад холбогдох хууль, тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

8.2. Энэ журамд тусгагдаагүй бусад харилцааг холбогдох хууль тогтоомж, дүрэм журмаар зохицуулна.

Ес. Бусад

9.1. Шаардлагатай тохиолдолд хэлтсийн даргын зөвлөлийн хурлаар болон хамт олныхоо хурлаар хэлэлцүүлж нэмэлт өөрчлөлт оруулж болно.

НАЛАЙХ ДҮҮРГИЙН ЦАГДААГИЙН ХЭЛТЭС

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна